Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Гэмт хэргийн улмаас хохирсон хүн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдож, хуулиар хамгаалагдсан өргөн хүрээний эрхийг эдэлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрхээрээ хохирсон хүнийг хохирогч гэнэ 1. Та хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрийн эрх, аюулгүй байдлаа хамгаалуулах, өмгөөлөгч авах, учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах бүрэн эрхтэй 234.
Хохирлын хэмжээ их, хэрэг төвөгтэй, эсхүл эрхээ хэрэгжүүлэхэд мөрдөн шалгах болон шүүхийн шатанд мэргэжлийн дэмжлэг хэрэгтэй байгаа бол өмгөөлөгч авч ажиллах нь үр дүнтэй. Хэрэв та төлбөрийн чадваргүй, хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бол 7700-1982 дугаарын утсаар Хууль зүйн туслалцааны төвд хандан үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр
1.Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.
2.Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.
3.Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2025.06.27
1.Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрхтэй:
1.1.өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах;
1.2.хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах;
1.3.мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;
1.4.шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;
1.5.шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;
1.6.шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах;
1.7.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
1.8.хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлаж, хувилж авах эрхтэй;
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.9.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;
1.10.шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах;
1.11.шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
1.12.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах;
1.13.шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.14.өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.15.энэ хуульд заасан бусад эрх.
/Энэ заалтын дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
1.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогчийн хамаарал бүхий этгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, энэ хуульд заасны дагуу хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалуулах туслалцаа авах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргаж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
1.Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.
2.Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.
3.Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.
4.Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
5.Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна.
6.Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.
7.Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.
8.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй бол нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болох ба энэхүү шийдвэрт гомдол гаргах журмыг нэхэмжлэл гаргагчид тайлбарлана.
9.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
10.Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
11.Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хавтаст хэрэгт хавсаргана.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.07.03
⚠️ 8.3 дугаар зүйл заалтын энэхүү найруулга зөвхөн 2026.11.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
1.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид дараахь ажиллагааг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө прокурор түүнд энэ тухай мэдэгдэнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
1.1.яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг;
1.2.хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг харьяаллын дагуу шилжүүлэх;
1.3.ялтныг хорих ялаас хугацааны өмнө суллах асуудлыг шийдвэрлэх хуралдаан.
2.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан, өөрчилсөн, хүчингүй болгосон, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хаасан, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хэргийг прокурорт шилжүүлсэн талаар мөрдөгч, шүүгч түүнд мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.Прокурор, мөрдөгч хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдээлэл өгөхгүй.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Прокурор, мөрдөгч нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад учруулж болох үндэслэл бүхий сэжиг байгаа бол энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна бусад мэдээллийг нууцалж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →