Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Хууль таны талд байна. Хэрэв хэн нэгэн таны нэр төрийг гутаасан мэдээ тараасан бол тэр этгээд уг мэдээллийнхээ үнэн зөвийг өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Нотлож чадахгүй бол уг мэдээллээ няцаах болон танд учирсан эдийн бус гэм хорыг [сэтгэл санааны хохирол] мөнгөн дүнгээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Нэр төр гутаасантай холбоотой маргаан нь нотлох баримт бэхжүүлэх болон эдийн бус гэм хорын хэмжээг тооцоолоход нарийн түвэгтэй тул өмгөөлөгч авч ажиллах нь үр дүнтэй. Төлбөрийн чадваргүй иргэн бол Хууль зүйн туслалцааны төвд 7700-1982 утсаар хандан үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой эсэхээ лавлаж болно.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр
3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.
3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
21.1.Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно.
21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
21.3.Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ.
21.4.Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.
21.5.Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.
21.6.Иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн, эсхүл тухайн этгээд өөрийгөө дүрслүүлсний төлөө хөлс, шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй.
21.7.Нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан, эсхүл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
21.8.Энэ хуулийн 21.7-д заасан тохиолдолд учирсан гэм хорыг эдийн хэлбэрээр нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй.
21.9.Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2022.12.23
511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.
511.3.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
511.4.Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
511.5.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
511.6.Энэ зүйлд энэ хуулийн 21.4, 21.5, 21.6-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →