Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд сэрдэгдсэн хүний нэр, хаягийг тодруулах болон шалгах зорилгоор шүүхийн шийдвэргүйгээр 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулах эрхтэй. Харин зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах бол хугацаа нь 24 цаг хүртэл байдаг. Хуульд заасан эдгээр үндэслэл арилсан тохиолдолд иргэнийг нэн даруй суллах үүрэгтэй.
Хүнийг эрх чөлөөг нь хязгаарлан саатуулж байгаа тул өмгөөлөгчтэй холбогдож, хууль зүйн туслалцаа авах нь нэн чухал бөгөөд асуудлыг хуулийн дагуу түргэн шийдвэрлүүлэхэд тусална. Хэрэв төлбөрийн чадваргүй, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа бол Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2024.10.18
26.1.Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
26.3.Цагдаагийн алба хаагч хүнийг түр саатуулсан даруй тухайн хүний талаар 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
26.4.Энэ хуулийн 26.3 дахь хэсэг нь цагдан хорих, баривчлах байр, эмнэлэг, хорих байгууллагаас оргон зайлсан ялтан, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарахгүй.
26.5.Хүнийг түр саатуулах үндэслэл арилсан тохиолдолд түүнийг даруй суллана.
26.6.Түр саатуулах байрны дэглэм, журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.07.03
1.Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна:
1.1.тагнуулын болон цагдаа, дотоодын цэргийн эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.2.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар;
1.3.хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар;
1.4.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар.
2.Эрүүгийн хэргийн шүүх гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
3.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр саатуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаар гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
4.Энэ зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хүнийг саатуулсан бол прокурорт даруй мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.Энэ зүйлийн 1.1 дэх заалтад зааснаас бусад үндэслэлээр хүнийг саатуулсан бол хаана байгаа талаар түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн, өмгөөлөгчийн хэн нэгэнд, эсхүл түүний мэдэгдэхийг хүссэн хүнд 8 цагийн дотор мэдэгдэнэ.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →