Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (2026 онд батлагдсан) нь 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ 1. Энэ хүртэл хугацаанд 1999 оны Гэр бүлийн тухай хууль (түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх журамтай) үйлчилнэ. Шинэчилсэн найруулгаар шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран хүүхдийн асрамж, уулзах хуваарь, тэтгэлэг болон нэмэлт зардлыг заавал хамтад нь шийдвэрлэх, хүүхэд төрөл садантайгаа чөлөөтэй харилцах эрхийг баталгаажуулах, тэтгэлгийн хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг томоохон өөрчлөлтүүд тусгагдсан байна.
Хүүхдийн асрамж, уулзах хуваарь, тэтгэлэг болон дундын хөрөнгөтэй холбоотой маргаан нь шүүхээр шийдвэрлэгддэг тул мэргэжлийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь зүйтэй. Төлбөрийн чадваргүй, хуульд заасан шаардлагыг хангасан иргэд Хууль зүйн туслалцааны төвд хандан (утас: 7700-1982) үнэ төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Энэ хууль хэрэгжиж эхлэх огноо: 2027.01.01
86.1.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Энэ хууль хэрэгжиж эхлэх огноо: 2027.01.01
85.1.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тэтгэлэг тогтоолгосон шүүхийн шийдвэрийг тэтгэлэг авагч тал, түүний хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын дотор энэ хуулийн 46 дугаар зүйлд заасантай нийцүүлэн цаашид авах тэтгэлгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
85.2.Энэ хуулийн 5.4-т заасныг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
85.3.Энэ хуулийн 6.2, 9.3, 61.4, 66.1, 67.4, 82.9, 83.7-д заасан журам, энэ хуулийн 46.2-т заасан тэтгэлэг тогтоох аргачлалыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор батална.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Энэ хууль хэрэгжиж эхлэх огноо: 2027.01.01
13.1.Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад тохиолдолд гэрлэлт цуцлуулах асуудлыг гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх шийдвэрлэнэ.
13.2.Энэ хуулийн 10.1.3-т заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрлэлт дуусгавар болсонд тооцсон бол гэрлэлт цуцлахаас бусад хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарь, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах асуудлаар гэрлэгчид нэхэмжлэл гаргах үүрэгтэй бөгөөд эдгээр асуудлыг уг нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх шийдвэрлэнэ.
13.3.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд хөрөнгийн эрх, үүргийг тусгасан эсэхээс үл хамаарч, гэрлэлт цуцлуулах үед хөрөнгийн эрх, үүргийн талаар харилцан тохиролцож болно.
13.4.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарь, тэтгэлэг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах асуудлыг бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.
13.5.Шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзнэ.
13.6.Шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран дараах асуудлыг шийдвэрлэнэ:
13.6.1.хүүхдийн асрамж;
13.6.2.хүүхдээс тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах хуваарь /нөхцөл, хэлбэр, байршил, хугацаа/;
13.6.3.тэтгэлгийн хэмжээ, нэмэлт зардал.
13.7.Шүүх энэ хуулийн 13.6.1, 13.6.2-т заасан асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангаж, дараах нөхцөлийг харгалзан үзнэ:
13.7.1.хүүхдийн нас, бие махбод, оюун санаа, нийгэмшихүй, танин мэдэхүй, сэтгэхүй, хөгжил, сэтгэл зүйн онцлогт нийцсэн хэрэгцээ, шаардлагыг;
13.7.2.хүүхэд долоо болон түүнээс дээш настай бол түүний саналыг;
13.7.3.хүүхдийн эцэг, эх, ах, эгч, дүү, эмээ, өвөө болон түүний амьдралд чухал нөлөө бүхий бусад хүнтэй тогтоосон харилцаа, ээнэгшин дассан байдлыг;
13.7.4.эцэг, эхийн хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлэхэд оролцож байсан оролцооны байдал, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, чадавхыг;
13.7.5.хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх төлөвлөгөө, хүүхэдтэй харилцах чадвар, эцэг, эхийн амьдралын хэв маяг, эрүүл мэнд, эрхэлсэн ажил, ажлын цагийг;
13.7.6.гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон эсэхийг;
13.7.7.эцэг, эхийн зан байдал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэх, хүүхдэд үзүүлэх нөлөөг.
13.8.Гэрлэгчид хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд нийцсэн байдлаар өөрөөр тохиролцоогүй бол шүүх энэ хуулийн 13.6.1-д заасан хүүхдийн асрамжийг хэрэгжүүлэхээр тогтоогдсон эцэг, эсхүл эхэд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг олгоно.
13.9.Шүүх энэ хуулийн 13.6.3-т заасан тэтгэлгийн хэмжээ, нэмэлт зардлыг энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
13.10.Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж болно.
13.11.Эхнэр нь жирэмсэн, эсхүл хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.
13.12.Гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийллээс болж, гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд аюул, хор уршиг учирч болзошгүйн улмаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргахад энэ хуулийн 13.11-д заасан нь саад болохгүй.
13.13.Энэ хуулийн 13.11-д заасан нөхцөл байдал арилсан бол гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.
Тайлбар: -Энэ хуулийн 13.6.1-д заасан "хүүхдийн асрамж" гэж хүүхдийг хэний асрамжид үлдээх буюу хүүхдийн амьдрах газрыг ойлгоно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Энэ хууль хэрэгжиж эхлэх огноо: 2027.01.01
35.1.Хүүхэд төрөл, садантайгаа чөлөөтэй харилцах эрхтэй.
35.2.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, эсхүл тусдаа амьдардаг болон бусад шалтгаанаар энэ хуулийн 35.1-д заасан эрхийг хязгаарлахыг хориглоно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Энэ хууль хэрэгжиж эхлэх огноо: 2027.01.01
52.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл сонирхогч талын нэхэмжлэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
52.2.Шүүх тэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол талууд дахин гэрээ байгуулж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →