Хуулийн хүчинтэй байдлыг шалгасан огноо: 2026.10.15
Орон тоо цөөрсөн буюу цомхотголд орсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд та ажил олгогчоос ажилласан хугацаанаасаа хамааран 1-ээс 4 сар ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа авах эрхтэй. Мөн Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх эсэхээс үл хамааран ажил олгогч энэхүү тэтгэмжийг заавал олгох үүрэгтэй. Түүнчлэн ажил олгогч танд ажлаас халах тухай шийдвэрийг 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх хуулийн зохицуулалттай.
Тэтгэмжийн асуудлаар маргаан таслах комисс болон гурван талт хороонд хандах шатанд иргэн өөрөө өргөдлөө гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Харин ажил олгогч тэтгэмжийг огт олгохгүй маргаж шүүхэд хандах шаардлага гарвал хуульч, өмгөөлөгчөөс туслалцаа авах нь зүйтэй бөгөөд хуульд заасан шалгуурыг хангасан иргэд Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 утсаар холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах эрхтэй.
Хуулийн нэр дээр дарж албан ёсны эх бичвэрийг үзнэ үү.
Хүчин төгөлдөр
82.1.Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:
82.1.1.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;
82.1.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;
82.1.3.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;
82.1.4.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх.
82.2.Ажилтныг бөөнөөр халах үед ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийх хэлэлцээгээр энэ хуулийн 82.1-д зааснаас доошгүй байхаар тогтооно.
82.3.Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.
82.4.Ажлын бүтэн бус цагийн ажилтны ажилласан цагийг бүтэн цагт шилжүүлэн тооцож, энэ хуулийн 82.1-д заасны дагуу тэтгэмж олгоно.
82.5.Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно.
82.6.Ажил олгогч ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд түр ажиллаж байсан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход энэ хуулийн 82.1-д заасан тэтгэмжийг олгох үүрэг хүлээхгүй.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2024.01.12
80.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:
80.1.1.аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;
80.1.2.ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино;
80.1.3.ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
80.1.6.ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон.
80.2.Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.
80.3.Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй.
80.4.Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
80.5.Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр · Сүүлд нэмэлт, өөрчлөлт орсон огноо: 2026.07.02
⚠️ 11.1 заалтын энэхүү найруулга зөвхөн 2027.01.01 өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэр хүртэл өмнөх найруулга үйлчилнэ.
11.1.Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр, харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол ажлын 55 өдрөөр тооцож олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
11.2.Ажилгүйдлийн тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно.
11.3.Даатгуулагч энэ хуулийн 14.1.3-т заасан хугацаанаас хойш ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт, ажил идэвхтэй хайж байгаа тухай хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын тодорхойлолт болон холбогдох баримт бичгийн хамт нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн бол уг хугацаанаас хоцроосон ажлын өдрийг энэ хуулийн 11.1-д заасан өдрөөс хасаж тооцон ажилгүйдлийн тэтгэмж олгоно.
11.4.Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаанд ажилд орж, албан журмаар шимтгэл төлж эхэлснээс хойш 5 сарын дотор ажлаас дахин чөлөөлөгдсөн бол анх тогтоосон ажилгүйдлийн тэтгэмжээс олгогдоогүй үлдсэн тэтгэмжийг олгоно.
11.5.Нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн арилжааны банкан дахь дансаар дамжуулан сар бүр олгоно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
Хүчин төгөлдөр
154.1.Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй.
154.2.Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:
154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;
154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор.
154.3.Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ.
154.4.Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцно.
154.5.Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно.
154.6.Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана.
154.7.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана.
154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
154.9.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй.
154.10.Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг энэ хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэнэ.
154.11.Энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлэсэн тэмдэглэлийг, эсхүл шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш маргалдагч аль нэг тал ажлын таван өдөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно.
legalinfo.mn дээрээс үзэх · legalinfo.mn дээрх албан ёсны эх сурвалжаар шалгасан огноо: 2026.10.13
⚖️ Энэ бол таны тодорхой нөхцөл байдалд зориулсан өмгөөлөгчийн зөвлөгөө биш, хуулийн албан ёсны эх бичвэрт үндэслэсэн мэдээлэл юм. Шүүхийн маргаан, эрүүгийн хэрэг болон их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлаар өмгөөлөгчид хандана уу. Шаардлага хангасан иргэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах боломжтой: Хууль зүйн туслалцааны төв 7700-1982, lac.gov.mn.
Өөрт тохиолдсон асуудлаа бичиж, авах арга хэмжээ, хугацаа болон бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой хариулт аваарай.
Өөрийн тохиолдлыг асуух →